БАРИЛГЫН УХААЛАГ МЕНЕЖМЕНТ

“Тогтвортой хөгжлийн төлөө”
Барилгын автомат удирдлагын гэж юу вэ?

Барилгад маш олон дэд системүүд суурилуулагддаг. Галын дохиолол, нэвтрэх хяналтын систем, хяналтын камерын систем гэх мэт барилгын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж, зохицуулдаг системүүдээс гадна оффис болон эмнэлгийн барилгын тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор агааржуулалт, халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн системүүдийг суурилуулах шаардлага гардаг. Эдгээр системүүд нь өөр өөрийн удирдлагын болон хяналтын сервертэй.

Жишээ нь: Галын дохиоллын системийг зөвхөн дохиоллын панел нь л удирддаг. Тэр нь хяналтын камертайгаа холбогдоогүй байдаг. Мөн халаалт, хөргөлтийн систем нь өөрийнхөө удирдлагын хэсгээр удирдагдаж, агааржуулалтын системтэйгээ уялдаагүй байдаг. Ингэснээр нэг барилгад маш олон төрлийн системүүд хоорондоо харилцан уялдаагүй байдлаар суурилагдах тохиолдол бий.

Үүнээс үүдэж инженерүүдэд ихээхэн хүндрэлтэй байдал үүсч, өөр өөр үйлдвэрлэгчийн олон системүүдийг суралцах шаардлага гардаг. Мөн эвдрэл гарлаа гэхэд засварлахын тулд инженерийн бүхэл бүтэн баг ажиллах хэрэгтэй болно. Олон төрлийн системийг зэрэг, байнга хянах боломжгүй байдаг учраас гэнэтийн осол, аваар гарах эрсдэл нэмэгдэнэ.

Энэ нь барилга эзэмшигч болон түрээслэгчдийн зардлыг өсгөдөг.Зардлыг бууруулах арга зам нь барилгын нэгдсэн хяналт, удирдлагын системийг суурилуулах юм.

Энэ систем нь Efficient, Safe, Comfortable гэсэн гурван гол түлхүүр санаагаар илэрхийлэгддэг. Нэг үгээр хэлбэл, барилгын нэгдсэн хяналт, удирдлагын систем бол барилгын аюулгүй, тав тухтай орчинг нэгтгэж өгсөн систем юм. Энгийнээр бол барилгын уламжлалт дэд системүүд дээр барилгын хяналт удирдлагын системийг нэмснээр барилгын ухаалаг систем бий болж байгаа юм.

Бүгдийг нь нэг дороос удирдаж хянах боломжтой болно гэсэн үг.